images

Америкийн Элчин сайд хуушуур идэв 

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-11


     АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр манайд ирснээсээ хойш зоогийн газарт анх удаа хуушуур идсэн тухайгаа өчигдөр хуваалцжээ. ЭСЯ-ны цахим хуудсанд видео бичлэгтэй нийтэлснээр нь бол тэрбээр Улаанбаатар хотын 11 дүгээр хороололд байрлах “Монгол хуушуур” зоогийн газарт өчигдөр өдөр орсон байна. Элчин сайд юуны түрүүнд захиалга өгөхийн тулд юу гэж хэлэх ёстойгоо орчуулагчийн тусламжтайгаар сургуулилжээ. Ингээд зоогийн газрын үйлчлэгчтэй өөрөө харилцан махтай хуушуур гурвыг захиалж байна. Харин орчуулагч нь төмстэй хуушуур нэг, байцаатай хуушуур мөн нэгийг, хоёр мантуун буузтай захиалжээ. Видео бичлэгт зоогийн газрын гал тогоонд хуушуур хийж байгаа явцыг харуулав. Улмаар Элчин сайд орчуулагчийн хамтаар ширээнд суун хуушуураа зооглосон бөгөөд амттай байгааг нь гайхаж, мөн тэнд үйлчлүүлж байсан өсвөр насны хүүгээс хоол идсэн сэтгэгдлийг нь асуусны эцэст зоогийн газрынхантай зургаа авахуулжээ. Р.Буанган Монголд ирээд орон нутагт хийсэн анхныхаа томилолтоор Дархан, Эрдэнэтээр явсан бөгөөд Дарханд очиж хоносныхоо маргааш зочид буудлын ресторанд бантан идсэн, бантанг ямар үед идэхэд тохиромжтой байдаг талаар монголчуудаас дуулснаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцаж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.