images

Японы ерөнхий сайд Итали улсад айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-11


     Энэ жил "Их 7"-г даргалж буй Японы ерөнхий сайд Фүмио Кишида 10-ны өдөр Ром хотноо Италийн ерөнхий сайд Жиорза Мелонитой уулзаж хоёр орны харилцааг "Стратегийн түншлэлийн харилцаа" болгон өргөжүүлэхээр тохиролцов. “Reuters” агентлагийн мэдээлснээр, хоёр удирдагч Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хоорондоо нягт уялдаатай гэдгийг нотолж, дипломат болон батлан ​​хамгаалах чиглэлийн төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх байгууллага байгуулах зэргээр аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Тэд мөн Украин улсад түрэмгийлэл үйлдэж буй Орос, далайд давуу нөлөө тогтоохыг оролдож буй Хятад улсыг жишээ болгон цөмийн зэвсгээр заналхийлж, хэрэглэхийг тууштай эсэргүүцэж буйгаа санал нэгтэй илэрхийлэв. Ерөнхий сайд Ж.Мелони хэлэхдээ "Хоёр талын харилцааны түвшин хангалттай өндөр байгаа бөгөөд манай хоёр улсын жилийн худалдааны хэмжээ 12 тэрбум евро хүрч байна" гэжээ. Ерөнхий сайд Кишида дайсны пуужингийн бааз руу довтлох чадвартай “Сөрөг довтолгооны хүчин чадал”-тай байх, өмнөд Кюүшюүгээс Тайвань орчмыг хүртэл үргэлжилсэн Нансей арлуудын хамгаалалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг агуулгыг багтаасан аюулгүй байдлын шинэчилсэн баримт бичгийг тайлбарлаад "Аюулгүй байдлын асуудлаар хоёр улсын дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад тусална гэж найдаж байна" гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ Итали улс Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг ихээхэн сонирхож байгааг сайшааж, ""Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтаар бид Энэтхэг-Номхон далайн асуудлыг гарцаагүй хэлэлцэх болно" хэмээн хэлсэн байна. Японд ирэх тавдугаар сард болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ерөнхий сайд өөрийн биеэр “Их долоо”-гийн таван орноор айлчилж төрийн тэргүүнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх замаар хэлэлцэх асуудлуудаа урьдчилан зохицуулах зорилготой байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.