Цар тахлын онц байдал үргэлжлэх эсэхийг шийднэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-11
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ сарын 27-ны өдөр Олон улсын эрүүл мэндийн онцгой байдлын хороог хуралдуулж, цар тахалтай холбоотой Нийтийн эрүүл мэндийн онц байдал (PHEIC)-ын статусыг хэвээр хадгалах эсэхийг шийдвэрлэнэ. Нийтийн эрүүл мэндийн онц байдлын статус гэдэг нь тус байгууллагаас гаргадаг нийгмийн эрүүл мэндийн хамгийн өндөр сэрэмжлүүлэг юм. Хэрэв тодорхой өвчний тархалтыг PHEIC гэж тодорхойлсон бол ДЭМБ үүнийг таслан зогсоохын тулд төрөл бүрийн судалгаа, санхүүжилт, олон улсын эрүүл мэндийн арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах үүрэг хүлээдэг ажээ. Одоогоор тус онц байдлыг COVID-19, сармагчны цэцэг болон полиомиелит гэсэн гурван өвчинд хамаатуулан зарлаад байгаа билээ. COVID-19-ийн хувьд 2020 оны 1-р сарын сүүлчээр анх онц байдал зарласнаас хойш PHEIC нь бараг гурван жилийн турш хадгалагдаж байна. Тус байгууллага улирал бүр Олон улсын эрүүл мэндийн онцгой байдлын хороог хуралдуулж, PHEIC-ийг хадгалах эсэхээ тодорхойлдог бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны 10-р сард COVID-19-ийн асуудлаар хуралджээ. Тухайн үед уг вирус мутацид орсоор байсан тул нөхцөл байдлыг харгалзан PHEIC-ийг хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Ирэх 27-ны өдөр болох хурлаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авах чадварын түвшин болон шинэ мутаци үүсэх магадлал байгаа эсэхийг үнэлэхэд анхаарлаа хандуулах ажээ. Тус байгуулагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн мэдэгдэлдээ COVID-19-ийн PHEIC-ийг 2023 он гэхэд цуцална гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо тогтмол буурч, дэлхийн улс орнууд вакцин, эмчилгээ зэрэг өвчний эсрэг хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой болсон гэж үзэж байгаа тул онц байлдлыг удахгүй цуцлах боломжтой гэсэн санааг хэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.