images

Зеленскийг Холливүдийн жүжигчдээс хэн хэн дэмжив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш ерөнхийлөгч Владимир Зеленскийг дэмжиж буйгаа илэрхийлсэн Холливүдийн олон жүжигчин Украин улсад айлчилжээ. Өчигдөр Английн өдөр тутмын “Guardian” сонин дайн эхэлснээс хойш ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан тэдгээр жүжигчдийн тухай нийтэлжээ. Инээдмийн киноны од Бен Стиллер өнгөрсөн зургадугаар сард Киев дэх ерөнхийлөгчийн ордонд анхлан зочилжээ. Тухайн үед аюулгүй байдлын үүднээс ямар ч онгоц тус улс руу нисдэггүй байсан ч Стиллер Польшоос галт тэргээр хонон өнжин явж зорьсондоо хүрсэн байна. Тэрбээр Зеленскийтэй уулзан "Чи бол миний баатар" хэмээн чанга тэвэрсэн юм. Мөн "Оскар"-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хоёр удаа хүртсэн жүжигчин Шон Пенн дайн эхэлснээс хойш тус улсад гурван удаа айлчилжээ. Ш.Пенн хамгийн сүүлд буюу өнгөрсөн 11 дүгээр сард айлчлах үеэрээ Зеленскийд "Оскар"-ын цомынхоо нэгийг бэлэглэжээ. Энэ үеэрээ "Энэ цом бол зүгээр байдаг л нэг бэлгэдэл. Гэхдээ тантай хамт байгаа нь намайг тайвшруулж, илүү хүчирхэг болгож байна" хэмээн хэлсэн байдаг. Өнгөрсөн жилийн "Оскар"-ын шагналт Жессика Чэстэйн, U2 хамтлагийн гоцлол дуучин Боно, Америкийн ток шоуны домог Дэвид Леттерман нар мөн ерөнхийлөгч Зеленскийд бараалхжээ. Алдарт жүжигчин Анжелина Жоли Зеленскийтэй биечлэн уулзаагүй ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүмүүст бараг мэдэгдэлгүйгээр Украины баруун хэсэгт орших Львов хотын эмнэлгийн байгууллагад зочилж, хүүхдүүдтэй уулзаж байсан. Хоёр жилийн өмнө Киев хотод анх ирж кино зурганд орсон тулаант киноны од Жан-Клод Ван Дамм өнгөрсөн сард мөн Украинд айлчилж, дүрвэгсэд болон ахмад дайчидтай уулзсан байна. Тэрбээр украин цэргүүдтэй уулзсан видео бичлэгт "Украин мандтугай, баатруудын алдар бадартугай!" гэж хэлсэн байдаг. Тус улсын төлөө хандив цуглуулж сэтгэл зүрхээрээ дэмжиж бугаа илэрхийлдэг алдартнууд ч бий. Украин гаралтай Америкийн жүжигчин Мила Кунис болон түүний нөхөр Эштон Катчер нар дайн эхэлснээс хойш 30 гаруй сая доллар цуглуулан хандив өргөжээ. “Оддын дайн” кинонд тоглосон жүжигчин Марк Хэмилл Украины Засгийн газрын байгуулсан сэргээн босголтын “Юнайтед24” байгууллагын сайн дурын элчээр ажилладаг. Тэрdээр мөн Украин даяар агаарын дайралтаас сэрэмжлүүлэг зарладаг программын англи хэлний гарын авлагыг бичих ажлыг хариуцаж байв. Хошин урлагийн жүжигчин, кино од байсан ерөнхийлөгч Зеленскийн карьер нь Холливүдийн жүжигчид Украинд анхаарлаа хандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг ажээ. Холливүдийн киноны сурвалжлагч Этан Блессинг "Зеленскийн олон нийтийн сүлжээ, цахим ертөнцийг ашиглан олон нийттэй байнга харилцах чадвар нь түний алдар нэрийг улам өндөрт өргөөд зогсохгүй Холливүдээс асар их хүндэтгэл, дэмжлэг хүлээсэн юм" гэжээ. Зеленский өнгөрсөн оны тавдугаар сард болсон Каннын 75 дахь удаагийн олон улсын кино наадамд Чарли Чаплины шилдэг бүтээл болох "Агуу дарангуйлагч" бүтээлээс эш татан үг хэлж, тэнд хурсан олны талархал, магтаалыг хүлээж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.