Хятадад уушги орлох аппаратыг хонин дээр туршсан нь амжилттай боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-01-09
Хятад улс “хиймэл уушги” буюу амьсгалын дутагдлын үед уушги орлож, зүрхний үйл ажиллагаа дэмждэг аппарат бүтээж буй бөгөөд эхний шатны амьтан дээрх туршилтыг Тони нэртэй хонин дээр хийж дууссан байна. Туршилтад орсон хонь нь 14 хоногийн турш уушги, зүрхний цусны эргэлтийг хангах уг аппараттай амьдарчээ. Харин ийм аппаратын туршилтад хонийг ашиглах нь дэлхийн жишиг стандарт аж. Учир нь, 50-70 килограмм жинтэй хонь нь насанд хүрсэн хүнтэй ижил байдаг бөгөөд хонины цусны эргэлтийн тогтолцоо эмзэг учраас аппараттай амьдарч чадвал ECMO хэмээх энэ аппаратыг хүнд хэрэглэхэд аюулгүй гэсэн үг гэнэ. Хятад улсад цар тахал дэлгэрснээс хойш ECMO аппаратын хэрэгцээ улам нэмэгдсэн тул энэ ажлыг хийж буй юм. Тодруулбал, “АСТ9000” гэж нэрлэсэн аппаратыг 2019 оноос эхлэн 130 гаруй эрдэмтэн судлаач хамтран гурван жилийн турш хөгжүүлж буй ажээ. Төсөлд Бээжингийн их сургуулийн III эмнэлэг, Хятадын анагаахын шинжлэх ухааны академийн Фувэй эмнэлэг, Бэйхан их сургуулийн эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа юм. Уг төслийн орлогч дарга Ван Явэйгийн хэлснээр тэдний гол зорилго нь өвчтөнүүдээс гарах зардлыг үлэмж бууруулах ажээ. Учир нь, Хятад улсад импортоор оруулж ирдэг ECMO аппаратууд 1-3.4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг аппаратаар хоёр долоо хоног эмчлүүлэх хөлс 200 мянган юань болдог байна. Харин дотооддоо үйлдвэрлэж буй аппарат нь энэ зардлыг 30 хувиар бууруулах боломжтой аж. Тэдний төлөвлөж буйгаар 2024 он гэхэд эмнэл зүйн албан ёсны лиценз авах бөгөөд үүнээс өмнө илүү их амьтан дээр турших, өгөгдөл, ёс зүй, эмнэл зүйн туршилтад орох ёстой гэнэ. ECMO аппаратыг зүрх нээх, уушги шилжүүлэн суулгах хагалгааны үед ихэвчлэн ашигладаг бөгөөд биеийн гаднаас өвчтөний цусыг шахаж хүчилтөрөгчөөр хангадаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.