Хойд Солонгосоос дүрвэсэн зураач Германд үзэсгэлэн гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-01-09
Хойд Солонгосоос 1990-ээд оны сүүлээр дүрвэж гарсан зураач Сун Мү Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар боллоо. Солонгос, Япон, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Art 5" нэгдлийн үзэсгэлэн энэ сарын 7-ноос 29-ний хооронд Германы Мюнхений ойролцоох Вольфратшаузен хотод болох бөгөөд энэ үеэр солонгос зураач "Хил хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ толилуулах юм. Хойд Солонгост төрж, 1998 онд Түмэн голоор хил гаран зугатаж Хятад, Лаосоор дамжин 2002 онд Өмнөд Солонгост ирж суурьшсан зураач Сун Мү нь нийт 84 бүтээлээ энд толилуулах ажээ. Сун Мү хэмээх түүний нэр нь “Хил хязгааргүй” гэсэн утгатай бөгөөд энэхүү нэрээрээ үзэсгэлэнгээ нэрлэсэн байна. Тэрбээр Умардад үлдсэн эцэг эх, ах дүү нарынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс жинхэнэ нэр болон нүүр царайгаа ил гаргахгүй ажээ. Мөн Өмнөд Солонгосын “Yonhap news” агентлагтай утсаар ярихдаа "АНУ, Франц зэрэг бусад оронд гаргаж байсан үзэсгэлэнгээс энэ удаагийнх ялгаатай. Учир нь Герман улс нэгэн цагт манай үндэстэн шиг хуваагдан хоёр улс болж байсан бөгөөд энэ хүмүүс хуваагдлын хүнд бэрхийг илүү сайн ойлгодог” гэжээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулж буй “Art 5” нэгдлийн гүйцэтгэх захирал Юү Жэ Хён "Умард болон Өмнөд Солонгосын хоорондын хурцадмал байдал, Украины дайнтай холбон урласан зураач Сун Мү-гийн амар амгалан, энх тайван байдлын тухай санаа агуулсан бүтээлүүдийг толилуулж байна” гээд "Үзэсгэлэн болж буй газрын ойролцоо Украины дайны дүрвэгсэд олон байна. Тиймээс бид борлуулалтын орлогын тодорхой хэсгийг дүрвэгсдэд зориулна" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: “Yonhap new” агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.