Умард Солонгост интернэт хэзээ ч тасардаггүй
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
Умард Солонгосын анхны бөгөөд цорын ганц олон улсын их сургууль болох Пёняны шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2015-2019 онд олон улсын санхүү, макро эдийн засгийн хичээл заасан Францын иргэн Тео Клемент "Умард Солонгос бол маш өвөрмөц орон. Тэр дотроо тус сургууль маш өвөрмөц газар байсан" хэмээн ярьжээ. Хятадын эдийн засаг Умард Солонгост хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, Францын Лионы их сургууль, Австрийн Венийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Клемент нь Умард Солонгост олон арван удаа эрдэмтний хувиар айлчилж байсан судлаач хүн юм. Тэрбээр одоо Африкийн Мавританид амьдарч байгаа бөгөөд янз бүрийн олон улсын төсөл хэрэгжүүлдэг ажээ. Профессор Клемент Умард Солонгост байгаа гадаадын иргэд интернэт ашиглах боломжтой, цахилгаан заримдаа тасардаг ч интернэт хэзээ ч тасардаггүй байсан талаар ярьсан байна. Тус их сургуулийн оюутнууд мөн тусгайлсан орон зайд интернэтэд холбогдох боломжтой байдаг бөгөөд гадаад багш өөрийнх нь лекцийг сонсож буй оюутнууд ямар зорилгоор ямар вэбсайтад орж буйг тайлбарласан бичиг үйлдэж гарын үсэг зурдаг байсан аж. Гэхдээ оюутнууд гадаадын мэдээ, мэдээлэлд автахгүй гэсэндээ тэр үү, интернэт ашиглахаас татгалзаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Ихэнх тохиолдолд нэг оюутан интернэтээс шаардлагатай материал татаж аваад бусад оюутнууддаа хувилж өгдөг байсан гэнэ. Нэг оюутан нь түүнд "Твиттер" хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй ярьж өгөхөд тэрбээр ихэд гайхсан гэнэ. Учир нь өдөр бүр "Твиттер"-т ордог түүний ч мэддэггүй нарийн бүтэц, үүргийн талаар нөгөө оюутан нэгд нэгэнгүй мэдэж байсан байна. Тус их сургуульд түүнээс гадна цөөн тооны европ багш, бас америк багш нар байдаг гэнэ. Мөн Умард Солонгост төрсөн, Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгос руу дүрвэж, АНУ-ын иргэншил авсан солонгос гаралтай америк багш ч байдаг тухай ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.