images

Хорт хавдрын эсрэг үйлсэд нэг сая паунд хандивлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-02


     Английн нэгэн эр буяны үйлсэд зориулж мөнгө цуглуулах зорилгоор өнгөрсөн жилийн 365 хоногийн турш өдөр бүр марафон гүйлтэнд оролцжээ. Английн баруун хойд хэсэгт орших Камбриа мужид амьдардаг 53 настай Гэри Мурки өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 365 дахь марафон гүйлтээ дуусгасан бөгөөд дэмжигчид нь түүнийг баяр хөөртэй угтан авсан байна. Тэрбээр барианд орсныхоо дараа “BBC” телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэдийгээр бороо орж байсан ч хүмүүс гарч ирээд алга ташин баяр хүргэсэн нь хэзээ ч мардагдахааргүй сайхан байсан" гэжээ. Гурван хүүхдийн эцэг Мурки цаг агаар ямар байснаас үл хамааран өдөр бүр 42 км, нэг жилийн дотор 15400 км гүйсэн байна. Өнгөрсөн жил тэрбээр хорт хавдартай өвчтөнүүдийг дэмжих буяны байгууллага болох "Hospice at Home" байгууллагад хандив болгон 1 сая гаруй паунд өргөсөн байна. “Guardian” сонинд бичсэнээр Мурки өнгөрсөн хугацаанд Килиманжаро ууланд авирч, Шинэ Зеландын нутгаар явган аялал хийж, онгоцноос үсэрч, галт уулын халуун хайлмаг дундуур алхах зэрэг адал явдалт аяллууд хийжээ. Мөн Лондоны марафонд оролцоод Лондоноос Клиттермур дахь гэр хүртлээ 400 гаруй км замыг явган туулжээ. 1997 онд аав нь хорт хавдар туссаны дараагаас эхлэн тэрбээр хорт хавдрын эсрэг хандив цуглуулах үйлсэд 20 гаруй жил хүчин зүтгэж байгаа ажээ. Түүний өргөсөн хандивын мөнгийг хүлээн авсан хоёр байгууллага цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.