Франц улс ялалт ирэх хүртэл Украинд туслахаа амлав
Анд нөхдийн мэдээ
2023-01-02
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн эрх барьж эхэлснээс хойш төлөвлөж ирсэн тэтгэврийн шинэчлэлийг шинэ онд хэрэгжүүлэхээ амлалаа. Ерөнхийлөгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Елисейн ордны цахим хуудсанд нийтэлсэн шинэ оны мэндчилгэээндээ “Бид илүү урт хугацаанд ажиллах хэрэгтэй байна” гээд “Цаашид олон арван жил манай тогтолцооны тэнцвэрт байдлыг хадгалах зорилтод чиглэсэн тэтгэврийн шинэчлэлийн жил байх болно” гэжээ. Тэрбээр оролцогч талуудтай хэлэлцэн тохирч ойрын хугацаанд шинэ журмыг эцэслэн баталж 2023 оны зунаас эхлэн мөрдөж эхлэхээ мэдэгдэв. Хөдөлмөрийн насныхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан тэтгэврийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг 2020 оны эхээр цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байсан ч ерөнхийлөгч Макрон дахин сонгогдсоноор үүнийг сэргээн хэрэгжүүлэхээр болсон юм. Түүний дэвшүүлэн буй тэтгэврийн шинэчлэлийн тодорхой төлөвлөгөөг нэгдүгээр сарын 10-нд олон нийтэд зарлах ажээ. Үүнээс гадна тэрбээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины талаар хэд хэдэн удаа дурдаж “Бид 2023 онд ч гэсэн та бүхний талд зогссоор байх болно. Бид ялалт ирэх өдрийг хүртэл тус улсад тусалж шударга, бат бэх энх тайвныг тогтоохын төлөө хамтран ажиллах болно” гэж хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.