Нэг сая жилийн настай мөсөнд судалгаа хийнэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-02
Австралийн судалгааны баг нэг сая жилийн настай мөс олборлож судалгаа хийхээр Антарктидыг зорьсон тухай “Guardian” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар экспедицийн ахлагч, мөсөн гол судлаач, эмч, инженер зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн сарын 23-ны өдөр Антарктидын зүүн хэсэгт орших "Кэйси" баазаас хөдөлсөн байна. Багийн бүрэлдэхүүн тусгайлан зохион бүтээсэн таван трактороор 1200 км замыг туулж Антарктидын " Little Dome C" бүсэд хүрэх юм. Хасах 50 хэмийн хүйтэнд ажиллах чадвартай уг трактор нь тоног төхөөрөмж ачсан чаргаа чирсээр 10 км/цагийн хурдтайгаар аян замдаа явж буй ажээ. Ямар нэгэн саад тохиолдохгүй бол тэд нэгдүгээр сардаа багтан зорьсон газартаа хүрч уг мөсийг өрөмдөж эхлэхээр төлөвлөсөн байна. Тэд долоо хоногт 150 метрийн гүн ухаж, 6-8 долоо хоногийн дотор 900-1200 метрийн гүнд хүрэх төлөвлөгөөтэй ажээ. Тэдний зорилго бол нэг сая жилийн өмнө үүссэн мөсийг олж авах явдал юм. Судлаачид сүүлийн нэг сая жилийн уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлохын тулд мөсөн дундах агаарын бөмбөлөгүүдэд шинжилгээ хийхээр төлөвлөсөн байна. Австралийн Байгаль орчны сайд Таня Плиберсек "Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл энэ нь хүн төрөлхтний олж авсан хамгийн эртний мөс болно" гээд "Манай гарагийн цаг уурын түүхийг ойлгох нь бидний ирээдүйд тустай юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.