images

АНУ: 35 жил хоригдсон ах дүү хоёрын ялыг хөнгөрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-15


   1989 онд АНУ-д эцэг эхээ буудан хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон, эдүгээ 50 гаруй настай ах дүү хоёр 35 жил хоригдсоны эцэст суллагдах бололцоотой боллоо. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Лос Анжелес хотын шүүх 57 настай Лайл Менендес, 54 настай Эрик Менэндэс нарын ялыг бүх насаар нь хорих ялаас 50 жилийн хорих ял болгон бууруулсан байна. Үүний дагуу ах дүү хоёр өршөөлд хамрагдахаас эхлээд ялаас чөлөөлөгдөх хүртэл эрхтэй болж байгаа бөгөөд тэднийг тэнсэн суллах эсэхийг Калифорни мужийн өршөөлийн зөвлөл эцэслэн шийднэ. Шүүх хурлыг даргалсан шүүгч Майкл Жессик "Би тэднийг суллах ёстой гэж хэлээгүй. Энэ бол миний шийдэх зүйл биш. Гэхдээ тэд өнгөрсөн 35 жилийн хугацаанд хангалттай хоригдсон тул хугацаанаас өмнө суллагдах боломжтой болж байна" гэжээ. Шүүх хуралд гэрчээр оролцсон ах дүү Менэндэсийн төрөл төрөгсөд ч тэдэнд өршөөл үзүүлэхийг хүссэн байна. Тэд 1989 онд 21, 18 настай байхдаа эцэг Хосэ Менэндэс, ээж Китти Менэндэс нарыг гэртээ буудаж хөнөөсөн аж. Ах нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч олон жилийн турш аавынхаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдүүлж иржээ. Гэвч эцэг нь бэлгийн дарамт үзүүлдэг байсныг нотлох баримт олдоогүй тул тэднийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн аж. Энэ хэрэг тухайн үедээ маш их шуугиан дэгдээж байв. Тэдний эцэг Хосэ "RCA Records" болон бусад компанид өндөр албан тушаал хашиж байсан, энтертэйнментийн салбарын нэртэй бизнесмэн байжээ. Хэргийн талаар өгүүлсэн тайз, дэлгэцийн бүтээл өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гарсан юм.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.