“Adidas”, “Volkswagen”, “Lufthansa” компаниуд нацистуудыг засгийн эрхэнд гаргасан буруугаа хүлээв
Анд нөхдийн мэдээ
2025-05-09
Германы томоохон пүүсүүд одоогоос 100 шахам жилийн өмнө буюу 1933 онд тус улсын засгийн эрхэнд Адольф Гитлер тэргүүтэй нацистууд гарч ирсэнд буруутай байснаа хүлээн зөвшөөрлөө. “Frankfurter Allgemeine Zeitung” сонины мэдээлснээр, тэдгээр компани бизнесийн хэтийн ашгаа бодож нацистуудыг дэмжсэн нь үндсэрхэг үзэлтнүүдийг засгийн эрхэнд бэхжихэд таатай нөлөө үзүүлсэн гэдгээ хүлээжээ. “Тухайн үеийн улс төр, цэргийн хүрээлэл, шүүх засаглал, эдийн засгийн салбар дахь хариуцлагатай хүмүүс алдаатай алхам хийгээгүй бол нацистууд засгийн эрхэнд гарахгүй байх байлаа” хэмээн “Adidas”, “Bayer”, BASF, “Bosch”, “Siemens”, ”Deutsche Bahn”, “Volkswagen”, “Lufthansa”, “Rheinmetall” зэрэг 50 шахам компанийн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. “Германы томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд өөрсдийн эрх ашигтаа хэт хөтлөгдөн нацистуудыг хүчирхэгжихэд санаатайгаар тусалсан. Компаниуд, тэдний төлөөний хүмүүс нацистуудын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож байсан нь баримттай зүйл” хэмээн “Frankfurter Allgemeine Zeitung” сонин бичжээ. “Түүхэн алдаа хийснээ тэд өнөөдөр ухамсарлаж байна. Ардчилал гэдэг ямар хэврэг зүйл болох, өнөөгийн энэ цаг үед еврейчүүд болон бусдыг ялгаварлан гадуурхах, үзэн ядах явдлыг сөрөн зогсохын чухлыг тэд бидэнд санууллаа” хэмээн мөн сонины нийтлэлд өгүүлжээ. Компаниудын хамтарсан мэдэгдлийг нацист Герман бууж өгсний 80 жилийн ойг тохиолдуулан гаргасан байна.
Гэрэл зураг: © Scherl/Global Look Press
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.