Монгол улс дэлхийд хүний хөгжлийн индексээр 104 дүгээрт жагсжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-07
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр өнгөрсөн 6-ны өдөр дэлхийн улс орнуудын 2025 оны Хүний хөгжлийн тайланг нийтэлжээ. Уг тайланд нийт 193 орон хамрагдсан бөгөөд Исланд улс 0.972 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Удаах байранд Норвеги (0.970), Швейцарь (0.970), Дани (0.962), Герман (0.959), Швед (0.959), Австрали (0.958), Хонконг (0.955), Нидерланд (0.955), Бельги (0.951) зэрэг орнууд оржээ. Харин манай орон хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 193 орноос 104 дүгээрт жагссан бол хойд хөрш ОХУ 64 дүгээрт, өмнөд хөрш БНХАУ 78 дугаарт оржээ. Улс орнуудын хүний хөгжлийн индексийг хүн амын дундаж наслалт, сургуульд хамрагдаж буй байдал, сургуульд сурсан дундаж хугацаа, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн гэсэн дөрвөн объектив үзүүлэлтэд үндэслэн тооцдог аж. Тус тайланд дурдсанаар манай улсын хүн амын дундаж наслалт 71.7, сургуульд суралцсан дундаж хугацаа 13.6 жил, нэг хүнд ногдох ҮНБ нь худалдан авах чадвараар тооцвол 14.787 доллар гэж үнэлсэн байна. Нийт 193 орноос хүний хөгжлийн үзүүлэлтээр хамгийн буурай оронд Өмнөд Судан (0.388), Сомали (0.404), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (0.414) зэрэг орнууд орж, хоёр дахь жилдээ дараалан сүүл мушгисан хэвээр байна. Харин Хойд Солонгосын тухайд шаардлагатай мэдээлэл батлагдаагүй учир энэ ангилалд оруулаагүй ажээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэлхийн улс орнуудын амьдралын чанар сайжрах хурд эрс муудаж, 1990 оноос хойших сүүлийн 35 жилд байгаагүй доод үзүүлэлт тогтоосон бөгөөд баян, ядуугийн ялгаа, тэгш бус байдал улам нэмэгдсэн гэж үнэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.