Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн юунаас улбаатай вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-07
Энэтхэг, Пакистан хоёр орон өнөөдөр харилцан пуужингаар довтолж, цэргийн мөргөлдөөн хийснээр хурцадмал байдал үүсээд байна. 1947 онд Их Британийн колоноос ангижирч тусгаар тогтнолоо зарласнаас хойш хоёр улс Кашмирын маргаантай газар нутгаас болж олон удаа мөргөлджээ. Энэ удаад өнгөрсөн сарын 22-нд Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын амралтын бүс болох Пахалгам хотын ойролцоо жуулчид болон энгийн хүмүүс рүү Пакистаны талаас гал нээснээс болж мөргөлдөөн эхэлсэн юм. Дээрх хоёр улсын хооронд хилийн маргаанаас болж нэлээд олон удаа мөргөлдөөн гарч байжээ. Үүнийг тоймлон үзүүлбэл,
1947 оны наймдугаар сард Их Британиас тусгаарлаж, хинду шашинтнууд давамгайлсан Энэтхэг, лалын шашинтнууд давамгайлсан Пакистан гэж хуваагдсан байна.
1947-1948 онд Кашмирын бүрэн эрхт байдлын асуудлаар Энэтхэг-Кашмирын дайн дэгджээ. Хинду шашны удирдагч Махража Хари Сингх Энэтхэгт хяналтаа тогтоохыг оролдох үед лалын шашинтнууд дийлэнх нь оршин суудаг Кашмирын бүсийн Пакистаны зэвсэгт бүлэглэлүүд дайрсан байна. 1948 оны наймдугаар сард НҮБ-ын зуучлалаар талууд эвлэрчээ.
1949.7. Пакистаны талын Азад-Кашмир, Энэтхэгийн талын Жамму- Кашмир болж хуваагдав.
1965. Энэтхэг-Пакистаны хоёрдугаар дайн дэгдэв.
1966. ЗХУ-ын зуучлалаар эвлэрлийн гэрээ байгуулав.
1971. Зүүн Пакистаны (одоогийн Бангладеш) тусгаар тогтнолын асуудлаарх Энэтхэг-Пакистаны гуравдугаар дайн дэгдэв.
1972.7. Хоёр улсын хооронд гал зогсоож хилийн хяналтын шугам бий болгов.
1974. Энэтхэг улс цөмийн зэвсгийн туршилт хийж, мөн Пакистан цөмийн хөтөлбөрөө эхлүүлж буйгаа мэдэгдэв.
1989. Жамму Кашмирт Исламын салан тусгаарлагчдын зэвсэгт үймээн дэгдэв.
1998. Энэтхэг, Пакистан хоёр улс газар доорхи цөмийн туршилт хийв.
1999.9. Энэтхэг улс цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай 2500 км-ийн тусгалтай "Агни II"-г туршсан бол Пакистан нь “Гаури II” болон 800 км-ийн тусгалтай "Шахин"-ыг туршжээ.
1999.5. Пакистаны зэвсэгт хүчин Энэтхэгийн хяналтад байдаг Каргил бүс рүү нэвтэрч, хил дээр мөргөлдөөн үүсгэв.
1999.8. Энэтхэг улс Пакистаны тэнгисийн цэргийн онгоцыг буудаж унагав.
2003. 11. Гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурав.
2008.11. Энэтхэгийн Мумбайд террорист халдлага болж, энгийн иргэд болон цэргийнхэн нийлээд 180 орчим хүн амиа алджээ. Үүнд Энэтхэг улс Пакистаныг буруутгасан байна.
2011.5 Пакистан улс гал зогсоох гэрээг зөрчиж, Энэтхэгийн цэргүүд рүү гал нээв.
2016.11. Жамму-Кашмирт зэвсэгт халдлага болж Энэтхэгийн 7 цэрэг амь үрэгдэв.
2019.2.14 Жамму-Кашмирын Пулвама дүүрэгт амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 40 цагдаа амь үрэгджээ.
2019.2.26. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин, Пакистаны нутаг дэвсгэрт байрлах хилийн хяналтын бүсэд агаараас цохилт өгчээ.
2019.2.27. Пакистаны Агаарын цэргийн хүчин Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний онгоцыг хилийн бүсийн ойролцоо сөнөөв.
2019.4.2. Кашмирын Лок хотын ойролцоо буудалцаан болж 7 хүн амь үрэгдэв
2019.8.5. Энэтхэгийн засгийн газар Үндсэн хуулийн дагуу эзэмшдэг байсан Кашмирын тусгай статусыг цуцлав.
2019.8.15. Кашмирын Лок хотын ойролцоо мөргөлдөөн болж, 8 хүн амь үрэгджээ.
2020.11.13. Кашмирт болсон мөргөлдөөнд 14 цэрэг амь үрэгдэв.
2021.2.25. Энэтхэг, Пакистан хоёр улс Кашмирын нутаг дэвсгэрийн дагуу гал зогсоохоор тохиролцов.
2023.6.24. Энэтхэгийн цэргүүд Кашмирт Пакистаны 2 энгийн иргэнийг хөнөөв.
2025.4.22. Энэтхэгийн Кашмирын Пахалгам хотын ойролцоо болсон зэвсэгт халдлагад гадны жуулчдыг оролцуулаад 26 хүн амь үрэгджээ.
2025.4.24. Энэтхэг улс Пакистаныг терроризмын гэмт хэрэгтэн гэж мэдэгдэн Инд мөрний гэрээг түдгэлзүүлэх зэрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Пакистан хариуд нь Энэтхэгийн онгоцыг агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглож, Энэтхэгийн визийг цуцалсан байна.
2025.4.29. Пакистаны арми Кашмирт Энэтхэгийн нисгэгчгүй онгоцыг сөнөөв.
2025.5.5. Энэтхэг улс Пакистан руу урсдаг Инд мөрний цутгалуудыг хаасны улмаас Пакистан пуужин харвав.
2025.5.7. Энэтхэг улс Кашмир зэрэг Пакистаны 9 газрыг пуужингаар харваж, Пакистан мөн хариу цохилт өгчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.