images

Хөрсний суултын улмаас Иран улс нийслэлээ нүүлгэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-07


   Уур амьсгалын өөрчлөлт, усны буруу менежментийн улмаас Ираны зарим нэг газар нутагт хөрсний суулт болж, нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж байна. “Financial Times” сонины мэдээлснээр, тус улсын Байгаль орчны дэд сайд Сина Ансари хэлэхдээ, "Улс орны нийт газар нутгийн 11 хувьд хөрсний суулт мэдрэгдэж, энэ нь 90 сая хүн амын бараг тал хувьд нөлөөлж байна” гэжээ. Ираны Үндэсний газарзүйн мэдээллийн төвийн мэдээлснээр нийслэл Тегеран хотын баруун өмнөд хэсгийн хөрс жил бүр 31 сантиметр хүртэл сууж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь олон улсын жишгээс 60 дахин их буюу аюултай түвшинд хүрчээ. Тухайлбал тус улсын хамгийн том нисэх онгоцны буудал, ЮНЕСКО-гийн соёлын өвийн дурсгалт газрууд, тэр дундаа эртний хот балгадууд хөрсний суултаас болж сүйдэх аюулд өртөөд байна. Мөн Тегеран, Мешхед хотыг холбосон төмөр замын шугам нь хөрсний суултаас болж их засвар хийх шаардлагатай болж, зарим хотод байшин барилга нурах эрсдэл тулгарсан тул сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхийг хүртэл үүрэг болгожээ. Ийм нөхцөлд ерөнхийлөгч Масуд Пезешиан нийслэл хотоо нүүлгэхийг санал болгож, Тегеран хот хүн амьдрах боломжгүй газар болж байгааг онцлон дурдав. ЮНЕСКО ч мөн адил Ираны газрын хөрсний суултыг анхааралтай ажиглаж байна. Олон улсын газар хөдлөлтийн инженерчлэлийн хүрээлэнгийн профессор Мехди Зарех хэрэв одоогийн хөдөө аж ахуй, хот төлөвлөлтийн бодлого үргэлжилбэл ирээдүйд Иран даяар газрын суулт болно гэдгийг анхааруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.