Монголын эрэгтэй сагсчид гурав дараалан хожиж, эмэгтэйчүүд шилдэг дөрөвт шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Монголын сагсан бөмбөгчид FIBA-гаас зохиодог Азийн аваргуудын лиг (BCL Asia)-ийн урьдчилсан шат болон 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цувралын нээлт (Chengdu Women Series)-д амжилттай оролцлоо. Тухайлбал, Үндэсний дээд лигийн "Хасын Хүлэгүүд" баг Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатанд гурав дараалан хожжээ. Тэд эхний тоглолтдоо Тайванийн "New Taipei Kings" багийг, хоёр дахь тоглолтдоо Сингапурын "Adroit" багуудыг илүүрхэн өчигдөр Тайландын "Hi-Tech Basketball Club"-ыг 63-59 харьцаатайгаар хожиж, "B" хэсгээ тэргүүлж байна. Улмаар үлдсэн гурван тоглолтоо тавдугаар сарын 12-15-ны хооронд эх орондоо хүлээн авч хийх юм. Энэ тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг шигшээ шатанд шалгарч, Азийн аваргуудын лигт оролцох хоёр эрхийн төлөө өрсөлдөнө. Харин БНХАУ-ын Чэндү хотноо энэ сарын 2-4-ний өдрүүдэд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн цувралын нээлтэд "Улаанбаатар Амазонс" баг гуравдугаар байр эзэлжээ. Тэд нийт дөрвөн удаа тоглосноос хоёр хожиж, хоёр хожигдон 17.3 оноо авснаар Тайландын шигшээ багтай тэнцжээ. Тэгвэл FIBA-гийн дүрмийн дагуу Монгол улс дэлхийд 12, Тайланд 24 дүгээрт чансаагаараа эрэмбэлэгдэж байгаа учир манай баг гуравдугаар байр эзэлж, 8000 долларын шагнал хүртсэн байна. "Улаанбаатар Амазонс" баг шигшээ тоглолтод Австралийн багтай тоглож хожигдсон ч тэмцээний шилдэг дөрвөн багт багтаж, Нидерланд, Австралийн багууд тэргүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.