Тайланд: “Blackpink” хамтлагийн гишүүн Лизагийн тоглосон киноны зураг авсан газрууд жуулчдыг татаж байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-25
Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Лизагийн тоглосон "The White Lotus" олон ангит киноны зургийг Тайландад авсан билээ. Тэгвэл зураг авсан газрууд руу жуулчид хошуурч байгаа талаар Тайландын “Nation” сонин мэдээлэв. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сасикан Ваттаначаны хэлснээр, Америкийн HBO сувгийн бүтээсэн уг киноны гуравдугаар анги гарснаас хойш Ко Самуй арлын зочид буудлын захиалга, хайлт эрс нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, аялал жуулчлалын “Agoda” платформ дээр Ко Самуй арлын зочид буудлын захиалга 40 хувь нэмэгдсэн байна. Ко Самуйгаас гадна киноны зураг авсан Бангкок, Пхукет зэрэг газруудын зочид буудлын захиалга өмнөх жилийнхтэй харьцуулахад 400-500 хувиар нэмэгджээ. Тайланд гаралтай дуучин Лиза эх орондоо маш их нэр хүндтэй бөгөөд "The White Lotus" кинонд тоглосноосоо хойш Зүүн Өмнөд Азийн орнуудад улам алдаршиж байна. Уг киноны 1, 2 дугаар анги Америкийн телевизийн академийн "Эмми" шагналыг хүртсэн юм. Тайланд улс аялал жуулчлалаас ихээхэн орлого олдог бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг энэ салбараас шууд болон шууд бус байдлаар бүрдүүлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.